"Интернэт худалдааны анхдугаар конференци-Улаанбаатар 2015" арга хэмжээ амжилттай болж өндөрлөлөө.

Сүүлийн үед олны анхаарлын төвд байсан “Интернэт худалдааны анхдугаар конференци –Улаанбаатар 2015” арга хэмжээ МҮХАҮТ-д амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Хэдийгээр анх удаа зохиогдож байгаа ч үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ, банк цахим төлбөр тооцоо, тээвэр ложистик, интернэтийн сүлжээ, програм хангамжийн 200 гаруй оролцогч, 12 илтгэгч, 27 экспертүүд энэхүү арга хэмжээнд оролцлоо. Энэ арга хэмжээний гол зорилго нь интернэт худалдаа хийхэд оролцогч талууд нэг дор цуглан асуудал, шийдэл, боломж, бололцоогоо ярилцахаас гадна дэлхий дээр худалдааны арга барил өөрчлөгдөж цахим хэлбэр рүү шилжиж байгааг олон нийтэд хүргэх, үүгээрээ дамжуулан олны анхаарлын төвд авчрах зорилгыг агуулсан уг арга хэмжээг манай компани дэмжин ивээн тэтгэн ажилласан юм. Мөн өөрсдийн нэвтрүүлсэн “ТЭГБЭ” мэргэжлийн хүргэлтийн үйлчилгээг олон таниулан сурталчилах зорилгоор “Гараас гарт хүргэх хүргэлтийн үйлчилгээ-Боломжууд” гэсэн сэдвээр илтгэл тавив. Интернет худалдаа хөгжихөд хүргэлт/ложистикийн үйлчилгээ бол чухал үүрэгтэй гэдгийг оролцогчид бүгд хүлээн зөвшөөрч байв. Интернэт худалдааг хөгжүүлэх чиглэлээр хийх ажил ингээд дуусахгүй бөгөөд цаашдаа шийдэх олон асуудлууд байгааг хэлэлцүүлгийн үр дүнгээс олж харлаа. Тэр бүгдийг эхнээс нь шат дараатай шийдэхийн төлөө “Монголын цахим худалдааны хөгжлийн холбоо”-г байгуулан энэ салбарын хөгжлийн төлөө бодлого гарган ажиллахаар боллоо.